Скот Флансбүрг: Тэргүүн

/Цээж бодолт, Ой тогтоолт, Хурдан уншлагын олимп/

“Хүн тооны машин” хэмээн нэрлэгддэг тэрээр,   нэмэх, хасах, үржих хуваах арифметик 4 аргын үйлдлийг цээжээр  маш хурдтай, нягт нямбай, зөв тооцоолон бодож чаддаг гайхалтай чадвар нь   ийнхүү цоллон дуудахад хүргэжээ. Анх энэ нэрийг түүнд телевизийн нэрт од Регис Филбин өгсөн юм.

Тэрээр  15 секундэд олон ижил тооны нийлбэрийг цээжээрээ маш  хурдтай зөв бодож хариуг гаргаснаар “Хамгийн хурдтай боддог хүн тооны машин” гэж нэрлэгдсэн төдийгүй  энэ амжилтаараа Гиннессийн номонд тэмдэглэгдсэн бөгөөд хүний тархи, оюун ухаан маш хурдтай сэтгэж ажиллах хязгаарлашгүй нөөц бололцоотой гэдгийг батлан харуулсан юм.  

Скот 20 гаруй жил математикийн багшаар ажилласан нь түүний энэхүү гайхамшигт чадварыг олж авахад   их нөлөөлжээ. Алхам тутамдаа өөрийн чадвараараа сорилтод ордог тэрээр хэзээ ч алдаж байгаагүй юм.

Скот жил болгон олон мянган хүүхэд тэдний эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудад математикийн үндэс, суурь мэдлэгийг олгох  сонирхолтой, хөгжилтэй залхамааргүй аргаар насны түвшин үл хамааран суралцах боломжийг таниулж, сургалт зохион байгуулаад зогсохгүй өөрийн далай мэт мэдлэгээсээ харамгүй хуваалцдаг нэгэн билээ.

Мөн тэрээр “Мath Magic” /Математикийн гайхамшиг/ , “Kids for Math for Magic”  /Хүүхдэд зориулсан математикийн гайхамшигт суралцах нь / зэрэг номыг зохиосон байна.

Скотт мянга мянган сургууль, олон улсын үндэсний  стратегийн томоохон институт, байгууллагуудад илтгэгчээр ажилладаг. Үүнд: NASA, IBM, Polaroid, Unocal, Math Counts, Software Publishers, Tony Robbins Seminars, The Smithsonian Institute, National Council of Teachers of Mathematics зэрэг  байгууллагууд багтдаг.

Түүний бодлоор бүх хүн математикийн шинжлэх ухаанд нэвтэрхий суралцах боломжтой гэж үздэг ба тэд хэрхэн сайн суралцах арга барилаа олж чаддагүйд л бүх учир байдаг. Энэ бэрхшээлийг хялбар аргаар  хэрхэн даван туулах замыг тэрээр хүмүүсд зааж сургасаар байгаа билээ.

 

Melik Duyar/ Мелик Дуяар

Оюуны спортын холбоог үндэслэгч

Дэлхийн  Оюуны Спортын Олимпийн шүүгч

 

Мелик Дуяар нь 1956 оны 11-р сарын 4-нд  Туркийн Истанбул хотод төрсөн. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “Мартах гэдгийг мартсан хүн” гэж нэрлэдэг.  Тэрээр тархийг үр дүнтэй ашиглаж хязгаарлашгүй нөөц бололцоог нээн илрүүлж түүнийг хөгжүүлэх зорилгоор оюуны спортын аргачлалыг  түгээн дэлгэрүүлсэн анхдагчдын нэг билээ. Мөн тэрээр 1994 онд Англи улсад зохиогдсон “Дэлхийн Ой Тогтоолтын Аварга”-ын тэмцээнээс 1 алт, 2 хүрэл медалийг хүртэж “Бузаны Гиннесийн Ном”-ын  топ 10 хүний нэгээр тэмдэглэгдэж байсан түүхтэй. Туркийн жүжигчин Cihan Ünal-ийн 2014 онд  бүтээсэн “Ой Тогтоолтын Ноёнтон”  кинонд түүний амжилтуудын талаар дэлгэрэнгүй  дурджээ.Түүний онцгой математикч сэтгэлгээ, ой тогтоолт, хурдтай унших чадвар нь хэвлэл мэдээллийнхний  хараанд байнга өртдөг бөгөөд тэдний хувьд сонирхолтой   сэдэв  нь болж чаддаг билээ. 

Мелик Дуяар нь Оюуны спортын тамирчдад зориулсан “Меmoraid” /Memoraid  гэдэг нэр томъёо нь memory /ой тогтоолт/, mental math / цээж бодолт/,  Olympiad /оюуны олимпиад/ гэсэн  үгний нийлэмж бүхий Англи нэршил/ нэртэй дасгалын программыг  зохион бүтээсэн бөгөөд энэ программын ачаар олон зуун оюуны спортын тамирчдад бэлтгэл хийх маш таатай  нөхцөл нь бүрдэж оюуны спортын чансааны өрсөлдөөнийг илүү өндөр түвшинд хүргэснээс гадна хэрэглээнд гарсныхаа дараа 6 сая хувь борлогдсон түүхтэй. Мөн энэ программыг оюуны олимп, түүнтэй холбоотой тэмцээнүүдэд голчлон ашигладаг юм.

Дуяар олон тооны телевизийн шоу нэвтрүүлгүүдэд оролцож онцгой чадвараараа гайхагдаж байсан төдийгүй  “Фото зураг тогтоох аргачлал “, “Математик сэтгэлгээ”, “Оюуны тооцоолол”, “Хүүхдийн  IQ ба ой тогтоолт “, “Хурдан унших арга техник” зэрэг оюун сэтгэхүйг хөгжүүлэх олон ном, гарын авлагыг хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон юм.

Энэ бол гоц авъяас, биш харин уйгагүй хөдөлмөрийн үр дүн учир та ч гэсэн суралцаад  тархиныхаа хэмжээлшгүй чадваруудыг илрүүлж энэ эрин зууны шилдэг тархи болтолоо хөгжих боломж үргэлж нээлттэй байгаа билээ.