Цээж Бодолтын Спорт гэж юу вэ?
Цээж бодолтын Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээн Оюуны Спортын Олимпиадын нэгэн төрөл болж 1997 онд Их Британи улсад зохиогдсон билээ. Тэр цагаас хойш тус тэмцээн нь жил бүр тасралтгүй явагдаж байна.
Энэхүү тэмцээнд оролцоход насны хязгаар байдаггүй бөгөөд тамирчид олон оронтой тооны нийлбэр, ялгавар, хуваах, үржвэр олох, язгуур гаргах, хүн хуанли тооцоолох гэх мэт олон төрлөөр оюун ухаанаа өрсөлдүүлдэг. Хамгийн гол нь эдгээр бодлогыг тооцоолж үйлдлүүдээ хийхдээ ямар нэгэн бал, цаас, тооны машин ашиглалгүй толгойдоо бүх бодолтыг хийж хариуг цаасан дээр шууд бичих учиртай.
Цээж Бодолтын Спорт олон улсад:
Өнөөдөр Олон улсад Цээж бодолтын олон төрлийг агуулсан томоохон тэмцээнүүд тогтмол зохиогдож байна.
Тухайлбал, 2004 оноос хойш хоёр жил тутамд зохиогдож буй Цээж бодолтын Дэлхийн Цомын тэмцээн, 2008 оноос хойш 4 жил тутамд зохиогдож буй Дэлхийн Оюуны спортын Холбооны “Memoriad” тэмцээнийг тус тус нэрлэж болно. Эдгээр тэмцээнүүдээс “Human Calculator” буюу “Хүн тооны машин” хэмээн нэрлэгдэж телевизийн шоу нэвтрүүлгүүдэд оролцон дэлхийг гайхашруулсан олон тамирчид төрсөн билээ.
Цээж бодолтын Дэлхийн шилдэг тамирчдаас дурдвал Их Британийн тамирчин Роберт Фаунтайн, Германы тамирчин Ян Ван Конингсвэлд, Герт, Митринг, Испанийн тамирчин Алберто Кото, Энэтхэгийн тамирчин Прианши Соманы, Японы тамирчин Наофуми Огасавара, Солонгосын тамирчин Ли Жонгхи, Кубын тамирчин Фрэдис Рэеэс зэрэг олон тамирчныг нэрлэж болно.
Монгол улсад:
Манай улсын хувьд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатар нь Цээж бодолтын дээрх томоохон тэмцээнүүдэд 2008 оноос эхлэн оролцсон анхны Монгол тамирчин юм.
Тэрээр энэ спортын арга аргачлалыг хүүхэд, залуустаа заан сургаж, тэднийг дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцон эх орныхоо нэрийг тамгалах жимийг гаргаж өгсөн билээ. Тархины шилдэг дасгал болох Цээж бодолтоор хичээллэх нь хүүхдэд хурдтай сэтгэж тооцоолол хийх боломжийг олгохоос гадна хоёр тархины хөгжил, дээд зэргийн анхаарал төвлөрөлт, төсөөлөх чадвар, ой тогтоолт зэрэг маш олон суурь чадварыг хөгжүүлдэг.
Академийн хамт олон 2013 оноос хойш жил бүр “Human Calculator” академийн нэрэмжит түргэн бодолтын тэмцээнийг “Нийлбэр”, “Үржвэр”, “Хүн Хуанли” болон “Флаш Анзан” төрлүүдээр амжилттай зохион байгуулж олон зуун хүүхэд, залуусыг хамруулаад байна.
Тамирчдын гаргасан амжилтыг тус сайтад нийтэлж тамирчдын улсын чансааг тогтоон 1-10 дугаар зэргийг олгож байна. Тус тэмцээнд шалгарсан тамирчдыг олон улсын тэмцээнд оролцох боломжийг олгодог.
Дээд амжилт тогтоосон нь:
Ой тогтоолт, цээж бодолтын тамирчин Т.Мягмарсүрэн нь 2012 онд Герман улсад зохиогдсон Цээж бодолтын Дэлхийн Цомын тэмцээний “Хүн хуанли” төрөлд өрсөлдөж цом, алтан медаль хүртэн дэлхийн цомын дээд амжилтыг тогтоожээ.
Мөн тэрээр 2012 оны “Memoriad-World Mental Olympics” тэмцээнд оролцох урилга авсан байна. Үүний дараа тэрээр Турк улсын Анталя хотод болсон оюуны олимпод оролцон цом, алтан медаль хүртэж дэлхийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор бичигдсэн юм. Мөн Америк, Турк, Герман улсуудад болсон Цээж бодолтын олон улсын тэмцээнүүдэд Б.Хангал, Б.Биндэръяа, Д.Гэрэлт-Од, А.Ирмүүн-Ертөнц, Ц.Өрнөх, Б.Бат-Эрдэнэ, Б.Энхлүүн зэрэг олон тамирчид медаль хүртэж эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.
“MEMORIAD” буюу Дэлхийн Оюуны Спортын Холбоог АНУ-ын тамирчин, “Human Calculator” Скотт Флансбург удирддаг бөгөөд тус холбоо нь ”Төлөөлөн Удирдах Зөвлөл” ба “Үндэсний Удирдах Зөвлөл” гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Зөвлөлийн гишүүдээр Мелик Дүяар, Ральф Лау нар тус тус ажиллахаас гадна Үндэсний Удирдах Зөвлөлийг олон улсын оюуны спортын холбоодын гишүүдээс сонгож бүрдүүлдэг. “Үндэсний Удирдах Зөвлөл” нь Вест Вонг /Малайз /, Гвендолен Норона /Энэтхэг /, Лаос Саканова /Казакстан/, Дейян Алтосси /Азербайжан/, Хандсүрэн Хатанбаатар /Монгол/, Селим Экипис /Турк/ нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ