АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох “Memoriad-2016” World Mental Olympics буюу оюуны олимпт Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:

1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
12. Б.Биндэръяа (8 нас) 13. Д.Гэрэлт-Од (8 нас) 14. Б.Энхлүүн (7 нас)

Тус тэмцээнд манай багийн 14 тамирчдаас 11 нь 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ. Медаль авч чадаагүй тамирчид маань мөн л дэлхийн олон шилдгүүдийг ардаа орхин шагналт байрт шалгарч хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсан юм.

Бидний багийн хувцаслалтанд онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлсэн оюуныг дэмжигч “Оюуны Ундраа Групп”-ын хамт олонд болон “Шилмэл загвар” ХХК-д талархсанаа илэрхийлье! Мөн цаг үргэлж бидэнд урмын үг хайрлаж дэмждэг тамирчдынхаа гэр бүл, байгууллагын хамт олон, Монголчууддаа баярлалаа. Мөн биднийг Лас Вегас хотод байх хугацаанд санаа тавьж тусалж дэмжиж байсан тус хотод ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүддээ талархаж байна.

Тамирчдаа цаг наргүй бэлдэж амжилтынх нь үндэс болсон академийн багш нар, хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж буй тамирчдадаа дахин баяр хүргэе!

Ингээд бид 40 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 539 болгон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор.

Хүндэтгэсэн, Монголын шигшээ баг Ахлах дасгалжуулагч Х.Хатанбаатар Дасгалжуулагч Б.Баасандорж

Лас Вегас хот / АНУ 2016 оны 11 сарын 11 13.00 цаг