Хуруумат буюу Түргэн бодолтын хөтөлбөр нь “Нэмэх”, “Нэмэх – Хасах”, “Үржих – Хуваах” ,“Гүнзгий” болон “Тамирчны анги” гэсэн 5 шаттай Стандарт нэг шатны сургалт хичээлийн 48 цаг орох ба нийт 12 долоо хоног /долоо хоногт 2 өдөр эсвэл амралтын нэг өдөр уртасгасан цагаар/ буюу ойролцоогоор 3 сар үргэлжилнэ. Түүнчлэн сурагчдын хүсэлтэд тулгуурлан сургалтын албанаас гаргасан хуваарийн дагуу нэг шатны сургалт долоо хоногийн ажлын 3 өдөр буюу 2 сар орчмын хугацаанд үргэлжлэх боломжтой.
Эхний шатны “Нэмэх” сургалтад хамрагдах хүүхэд нэгээс хоёр оронтой олон тооны нэмэх үйлдлийг хурдтай тооцоолж сурах бол хоёрдугаар шатанд нэмэх, хасах холимог үйлдлийг хослуулан хурдтай боддог болно. Түүнчлэн 6-7 насны хүүхдүүдийн хувьд нэмэлтээр “Хүрд”-ээ сурна. “Үржих-Хуваах” шатанд суралцагч нэмэх, хасах үйлдлээ бататгахаас гадна 5 хүртэлх оронтой хоёр тооны үржвэрийг алдаагүй бодох ба хуваах үйлдлийг мөн цээжээр бодох чадвартай болно.
Харин “Гүнзгий” шатанд суралцагч арифметикийн 4 үйлдлийг илүү гүнзгийрүүлэн (10 оронтой 10 тооны нийлбэр, 8 оронтой 2 тооны үржвэр гэх мэт.) үзэхээс гадна цээж бодолтын шинэ сэдэв “Хүн хуанли” болон ой тогтоолтын суурь аргачлалд суралцах юм.
Сүүлийн шат болох “Тамирчны анги”-д суралцах хугацаа хязгааргүй ба ур чадвараа илүү ахиулах хүсэлтэй сурагчид тус шатанд хамрагдаж болно. Зөвхөн “Гүнзгий” болон “Тамирчны анги”-д суралцаж буй сурагчид цээж бодолтын дотоодын болон олон улсын тэмцээнд оролцох боломжтой.
ЕБС-ийн хичээлийн жилийн хугацаанд тус хөтөлбөрт аливаа шалтгаанаар хамрагдах боломжгүй хүүхэд зуны хугацаанд явагдах түргэвчилсэн сургалтад хамрагдах боломжтой. Зуны түрэвчилсэн сургалт долоо хоногийн ажлын 5 өдөр буюу нийт 5 долоо хоног үргэлжилнэ.