Нийслэлийн 2017 оны шилдэг хүүхдүүд тодорлоо. Энэ оны шилдэг ОЮУНЛАГ хүүхдээр СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Батхишигийн Энхлүүн тодорлоо.
ESA: Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас жил бүр Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг тодруулдаг. Нийслэлийн шилдэг хүүхдийг манлайлагч, оюунлаг, бүтээлч, тамирчин, авьяаслаг гэсэн 5 төрлөөр шалгаруулдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд 44 хүүхэд оны шилдэг хүүхдэд нэр дэвшжээ.
2017 оны нийслэлийн шилдэг Оюунлаг хүүхдээр шалгарсан Ирээдүй цогцолбор сургуулийн 3-р ангийн сурагч Б.Энхлүүн 8 настай, гурван жилийн өмнөөс Монголын оюун ухааны академид хичээллэх болжээ.
Ингээд Б.Энхлүүний сэтгэгдлийг хуваалцлаа.
ESA: Баяр хүргэе. Оюун ухааны академид ямар төрлөөр хэзээнээс хичээллэж байна?
– Би цээж бодолтын төрлөөр хичээллэдэг. Анх таван настай байхдаа тоо бодож сурсан. Энэ төрлөөрөө олон улсын тэмцээн, уралдаанд байнга оролцдог. Манай эгч намайг Оюун ухааны академид анх дагуулж очсон юм. Тэр үед би бага зэрэг тоо боддог байсан болохоор цээж бодолтын төрлөөр хичээллэхээр болсон.
ESA: Мөрөөдлөөсөө хуваалцаач?
– Ойрын жилүүдэд цээж бодолтын төрлөөрөө Азийн аварга болохыг зорьж байгаа. Мөн олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг боддог. Гэхдээ би том болоод эмч мэргэжилтэй болно.
ESA: Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
– Би хичээлээ хийх, цээж бодолтоо давтах зэргээр ихэвчлэн өдрийг завгүй өнгөрөөдөг. Жаахан чөлөөт цаг гарвал найзуудтайгаа тоо бодож, тоглож өнгөрүүлдэг.
ESA: Б.Энхлүүний улсын болон олон улсын хэмжээнд гаргасан амжилтаас дурдвал:
– 2015 онд Human calculator цээж бодолтын ОУ-ын тэмцээний дэд байр
– 2015 онд Ой тогтоолтын цээж бодолтын улсын аваргын тэмцээний 3-р байр
– 2015 оны шилдэг хүүхэд
– 2016 онд ОУ-ын оюуны олимпийн хүрэл медаль
– 2016 онд Human calculator цээж бодолтын ОУ-ын тэмцээний тэргүүн байр
– 2016 онд Ой тогтоолтын цээж бодолтын улсын аваргын тэмцээний тэргүүн байр
– 2017 онд ОУ-ын оюуны олимпийн алтан медалийг тус тус хүртээд байна.